“360 МАНДАЛА ТАУЭР” БОЛ МОНГОЛЫН АНХНЫ АМЬСГАЛДАГ БАРИЛГА

Б.БАЯРХҮҮ: МАНАЙ “360 МАНДАЛА ТАУЭР” БОЛ МОНГОЛЫН АНХНЫ АМЬСГАЛДАГ БАРИЛГА

Техник технологийн дэвшлийн ачаар бидний өмнө тулгарсан олон асуудлыг оновчтой шийдвэрлэх боломж бүрдсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын иргэдэд одоо цаг үед тулгарч буй томоохон асуудлын нэг нь агаарын бохирдол, тоосжилт. Гэртээ агаар нэвтрүүлэхийн тулд цонхоо бүрэн нээх хэрэгтэй боловч “утаа орж ирнэ” гэдэг айдастай олон жилийг үджээ. Энэ асуудлыг технологийн дэвшлээр шийдвэрлэж, жилийн турш гэртээ цэвэр агаараар амьсгалах боломжийг “360 Мандала Тауэр” орон сууцны төсөл бүрдүүлсэн байна. Монголын орон сууцны барилгын хөгжилд шинэ хуудас нээж, “Амьсгалдаг барилга” бүтээн байгуулж буй “Монкон Констракшн” компанийн халаалт, агаар сэлгэлтийн инженер Б.Баярхүүтэй  ярилцлаа

Орон сууцны барилгын чанарын үзүүлэлтэд агаар сэлгэлтийн систем ямар байр суурь эзэлдэг вэ? Ялангуяа худалдан авагчид Улаанбаатар хотод баригдаж буй орон сууцны барилгуудаас агааржуулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг сонжиж харж чадаж байна уу?

  • Орон сууцны барилгын чанарыг тодорхойлохын тулд нэн түрүүнд барилгын суурь, бүтээц, фасад гэх мэт олон зүйлийг дэс дараатайгаар нэрлэж болно. Гэхдээ одоо цаг үед Улаанбаатар хот агаарын бохирдолтой, тоосжилт ихтэй байгаа учраас дээр дурдсан зүйлсээс дутахааргүй чухал үзүүлэлт нь тухайн орон сууц агаараа хэрхэн сэлгэдэг юм бэ, гэртээ цэвэр агаараар амьсгалах боломж бүрдүүлсэн үү гэдгийг харгалзаж үзэх хэрэгтэй.

Олон нийтэд агаар сэлгэлтийн системийн талаар хангалттай ойлголт, мэдлэг өгөхийн тулд агаар сэлгэлтийн систем ямар үүрэгтэй байдаг талаар мэдээлэл өгвөл?

  • Агаар сэлгэлтийн систем нь хэд хэдэн төрлийн үүрэгтэй. Нэг талдаа тухайн барилгын насжилтыг уртасгах үүрэгтэй бол нөгөө талдаа барилга дотор амьдарч буй хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх хэмжээнд ажиллах учиртай систем. Нэг ёсондоо барилга доторх “эрүүл ахуйг хангагч” юм даа.

Агааржуулалтын систем бол барилгын уушги, зүрх нь юм. Тэр ч утгаараа барилга өөрөө амьсгалдаг байх ёстой

Барилгын доторх агаарыг сэлгэхэд бүхэл бүтэн систем ажилладаг гэхээс илүү цонхоо онгойлгоход хангалттай гэсэн нийтлэг ойлголт байдаг. Улаанбаатар хот дахь дийлэнх барилга ямар зарчмаар ажилладаг агаар сэлгэлтийн системтэй вэ?

  • Манайд баригдсан болон баригдаж буй дийлэнх барилгын агаар сэлгэлт ердийн системээр ажилладаг. Гадна орчны агаарыг цонх, хаалгаар оруулж, эргээд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөний сараалжаар гадагшлуулах зарчимтай. Бүр тодруулж хэлбэл, агаар сэлгэлтийг зохицуулах ямар нэгэн сэнс байхгүй, урсгалынхаа дагуу агаар сэлгэгддэг гэсэн үг.

Бидний хэрэглэж заншсан агаар сэлгэлтийн ердийн систем нь Улаанбаатар хотод үүссэн одоогийн орчин нөхцөл, шаардлагад нийцэж байгаа юу?

  •  Барилгын чанар, технологи сайжрахын хэрээр сүүлийн үед баригдаж буй барилгуудад битүүмжлэл сайтай цонх суурилуулдаг болсон. Олон давхар вакум цонх нь тухайн орчныг битүүмжилж байгаа учраас агаар сэлгэх боломжийг давхар бууруулах талтай. Мөн хотын зарим хэсэгт барилга байгууламжийн нягтралаас үүдэлтэй агаарын урсгалгүй бүгчим орон зай бий болсон. Эдгээр шалтгааны улмаас агаарын даралтын хангалттай зөрүү үүсэхгүй байгаа тул агаар сэлгэлтийн уламжлалт систем ажиллахад хүндрэл учирч байгаа. Аливаа барилгын агаар сэлгэлтийн систем нь доголдвол дотор орчинд агаарын чийгшил нэмэгдэж, мөөгөнцөр үүсдэг болохыг бид мэднэ. Мөн хүчилтөрөгчийн хэмжээ буурснаар дотор нь амьдарч буй хүнд тав тухгүй байдал үүсдэг.

“Айл бүрд ERV систем суурилуулсан орон сууцны барилга Монголд үүнээс өмнө баригдаж байгаагүй”

Тэгвэл “360 Мандала Тауэр” төсөлд суурилуулж буй агаар сэлгэлтийн систем нь ердийн системээс ямар ялгаатай вэ?

  • Одоо цаг үед агаарын бохирдол, тоосжилтоос үүдэлтэйгээр өмнөх шиг цонхоо онгойлгож агаар сэлгэх боломжгүй болсон. Гэтэл Агааржуулалтын систем нь барилгын уушги, зүрх нь байх ёстой. Тэр ч утгаараа бид Монголд анх удаа АМЬСГАЛДАГ БАРИЛГА барьж байна. Амьсгалдаг гэхээр хүмүүс гайхаж байж магад. Жилийн аль ч улиралд цонхоо нээлгүйгээр гэр дотроо цэвэр агаараар амьсгалж, утаа тоосноос ангид амьдрах боломжийг зөвхөн “360 Мандала Тауэр” оршин суугчдадаа олгож байгаа.  Үүний тулд бид айл бүрд ердийн агаар сэлгэлтийн системээс гадна механик агаар сэлгэлтийн систем суурилуулсан.
  • Гадна орчноос агаар нэвтрүүлэх, дотор орчны агаарыг гадагшлуулах ажиллагааг механик агаарын сэлгэлтийн систем гүйцэтгэнэ.  Ингэхдээ дотор орчны агаарын дулаанаар гадна орчны хасах хэмтэй агаарыг халааж ажиллана. Дулаан солилцуулах нэмэлт ажиллагааны давуу тал нь цахилгаан халаагуурын ажиллах хүчин чадлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт үүсгэнэ.
  • Ердийн агаар сэлгэлтийн системийн ажиллагааг сайжруулж, хэвийн ажиллах нөхцөлийг хангах чухал ач холбогдолтой энэхүү Energy Recovery Ventilation (ERV) систем нь тоосонцор, бохирдлын эсрэг шүүлтүүртэй бага оврын агаар боловсруулах төхөөрөмж байгаа. Айл бүрд ийм систем суурилуулсан орон сууцны барилга Монголд үүнээс өмнө баригдаж байгаагүй гэдгийг онцолъё.

ERV төхөөрөмж нь бидний өргөн хэрэглээний нэг болсон агаар цэвэршүүлэгчээс ямар давуу талтай вэ?

  • Агаар цэвэршүүлэгч нь дотор орчны нян бактери, тоосонцрыг шүүх зориулалттай төхөөрөмж. Тиймээс гадна орчноос цэвэр агаар оруулж ирэх, хүчилтөрөгч үйлдвэрлэх, агаар дахь нүүрсхүчлийн агууламжийг бууруулах зэрэг тохиргоо байхгүй. Эндээс яагаад гаднаас агаар нэвтрүүлэх, эргээд бохирдсон агаарыг гадагшлуулах “агаар сэлгэлтийн систем” шаардлагатай нь ойлгогдож байгаа байх аа.

Бидэнд мэдээлэл өгсөнд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэдээлэл бусдад харагдахгүй болно.

Сошиал холбоос

Холбоос :

Хуулах